Хэлний загвар хэрхэн ажилладаг вэ
Хэлний загварыг ном, нийтлэл, вэбсайт зэрэг асар их текст дээр сургадаг. Сургалтын явцад тэр «энэ үгийн дараа ихэвчлэн ямар үг ирдэг вэ» гэдгийг тоо томшгүй олон жишээнээс сурдаг. Та асуулт бичихэд загвар хамгийн тохирох дараагийн үгийг, дараа нь түүний дараагийнхыг гэх мэтээр нэг нэгээр нь таамаглаж хариулт бүтээнэ.
Энэ нь утасны гар дээр дараагийн үгийг санал болгодогтой төстэй, гэхдээ хэмжээ нь хамаагүй том. Чухал нь: загвар «мэддэг» биш, «таамагладаг». Ихэнхдээ зөв таамаглана, заримдаа маш итгэлтэйгээр буруу таамаглана.
Юунд сайн вэ
Зөв ашиглавал өдөр тутмын ажилд их цаг хэмнэдэг.
- Текст бичих, засах — зар, имэйл, бүтээгдэхүүний тайлбар, нийтлэлийн ноорог
- Урт бичвэрийг хураангуйлах, орчуулах
- Санаа гаргах — нэр, уриа, сошиал постын санаа
- Ерөнхий мэдлэгийн хүрээнд асуултад хариулах, тайлбарлах
- Энгийн код бичих, хүснэгттэй ажиллах
Юунд муу вэ
Сул талыг нь мэдэж байвал алдаанаас сэргийлж чадна.
- Баримт, тоо, огноог зохиож хэлэх — үүнийг «hallucination» гэдэг
- Шинэхэн мэдээ, танай бизнесийн дотоод мэдээллийг мэдэхгүй
- Олон алхамтай нарийн тооцоо, логикт алдах
- Монгол хэлний чанар англиас сул байж болно — орчуулсан мэт сонсогдох нь бий
- Хариуцлага хүлээдэггүй — эцсийн шийдвэрийг хүн гаргах ёстой
Зураг, видео үүсгэдэг AI
Текстээс гадна зураг, видео, дуу үүсгэдэг загварууд бий. Тэд асар олон зураг, видеоноос хэв маяг сурч, таны бичсэн тайлбараар шинэ зураг бүтээдэг. Сошиал постын зураг, санааны ноорог, бүтээгдэхүүний арын дэвсгэр хийхэд хурдан.
Гэхдээ гар, бичиг, лого, бүтээгдэхүүний нарийн хэлбэрийг гажуудуулах нь элбэг. Бодит бараагаа харуулж байгаа мэт AI зураг ашиглах нь хэрэглэгчийн итгэлийг алдагдуулна.
Бизнес эрхлэгчид юу гэсэн үг вэ
AI бол ид шид биш, маш хурдан туслах. Зөв даалгавар өгч, гаргасныг нь шалгадаг хүний гарт цаг их хэмнэнэ. Шалгалгүйгээр хэрэглэгч рүү шууд гаргавал эсрэгээрээ нэр хүндийг гутаана.